Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын хэмжээнд Д вирусын халдвартай 66 мянган иргэн байх магадлалтай. Мөн Д вирусын эсрэг тэмцэх иргэдийн байгуулсан төрийн бус байгууллагын судалгаагаар 150 мянга орчим иргэн Д вирусын халдвартай гэж ярьдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр Д вирусын шинжилгээ өгч, мэдээллийн санд бүртгэгдсэн 3000 гаруй иргэн бий.
Дэлхий дахинд гепатит Д -гийн халдварыг эмчлэх эмчилгээ төгс болоогүй. ДЭМБ-д бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн ганц эмчилгээ нь интерфренор.
Эрүүл мэндийн сайд 2024 онд тушаал гаргаж, Д -гийн халдварын эмчилгээ, эмнэл зүйн зааврыг баталсан. ДЭМБ -аас бүртгэж зөвшөөрсөн интерфренор эмчилгээг хийх боломжтой гэж үзсэн. Хоёр дахь нь, ДЭМБ хараахан бүртгээгүй байгаа ч ОХУ-д бүртгэсэн, эмчилгээнд хэрэглэж байгаа мирклудекс эм. Мөн Европын холбоонд бүртгэсэн эмийг Д вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэх зааврыг Эрүүл мэндийн сайдын заавраар баталсан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гепатитийн D вирусийн эмчилгээнд ДЭМБ -аас зөвшөөрөгдсөн инерфренор тариаг хэрэглэх, тодорхой хэмжээгээр худалдан авах ажлыг зохион байгуулахаар ажилласан ч гаж нөлөө өндөртэй гэж үздэг учраас Д вирустай иргэдийн байгуулсан ТББ- аас энэ эмчилгээг зөвшөөрөхгүй гэсэн. Тийм учраас уг тариаг худалдан авах тендерийг түр түдгэлзүүлсэн.
Хоёрт дахь гарц нь анх ОХУ –аас гаргасан эм, тус улс уг эмийг хэрэглэх эрхээ АНУ-д худалдсан. Худалдахдаа бусад улс орнуудад импортлох зөвшөөрлийг олгоогүй, зөвхөн дотооддоо хэрэглэх зөвшөөрөлтэйгээр патентаа худалдсан байдаг. Тийм учраас Эрүүл мэндийн сайдын хувиар өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ -ын Эрүүл мэндийн сайдтай уулзаж, Монгол иргэдийг Д вирусын эсрэг эмчилгээнд хамруулахыг хүссэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл мэндийн сайд Монгол Улсад айлчилж, ХӨСҮТ- ийн удирдлагуудтай уулзаж, манай улсын иргэдийг Буриад улсад эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо Буриадын эрүүл мэндийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд, ХӨСҮТ -ийн хооронд Буриад улсад Монгол иргэдийг Д вирусын эмчилгээнд хамруулах хэлэлцээрийг хийнэ.
Энэ эм харьцангуй өндөр үнэтэй. Сарынх нь эмийн хэрэглээний үнэ 160 мянган рублиэс 170 мянган рублийн үнэтэй. Хэлэлцээрийн шатанд эмийн үнийг 25 мянга орчим рублиэр бууруулж, 145 мянган рубль байх боломжтой гэж урьдчилан үнийн санал дээр тогтсон.
АНУ –ын нэр бүхий компанитай цахимаар олон удаагийн уулзалт хийж, эмийг эмчилгээнд хэрэглэх талаар хэлцэл хийж байна. Манай улсад энэ эмийг бүртгээгүй байгаа ч Европын холбоо энэ эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн байдаг учраас хэрэглэж болох юм гэж үзсэн. Сарынх нь эмийн хэрэглээний үнэ 10-12 мянган ам.доллар. Эмийн үнийн талаар АНУ -тай хэлцэл хийж байна. Европын холбоонд зарагдаж байгаа үнээс 8 дахин доогуур үнэтэй байх хэлцэл хийж байна. Дундын зуучлалгүйгээр шууд ХӨСҮТ-д нийлүүлж, эмчилгээнд хэрэглэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Мэдээллийг сонсоод олон мянган иргэний эрүүл мэндийн асуудал учраас Д вирусын эмчилгээг яаралтай эхлүүлэх ёстой гэдэг зөвлөмж өгсөн" гэв.
Д вирусыг эмчлэх эмчилгээ өртөг өндөртэй, Д вирусээр өвчилсөн иргэд нь ахмад настнууд. Тэтгэврээс өөр орлогогүй учраас хөнгөлөлт чухал учраас Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчний Д вирусын эмчилгээний зардлыг төр хариуцах, шаардлагатай төсвийг төсөвт суулгах хүсэлтийг тавьж байгаа юм байна.