Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08.30 цагт эхэлж, өнөөдөр /2023.04.24/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байгаа юм.
Шүүгдэгч Н.Батбаяр: "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. "Бэрэн"-гийн асуудлыг хэлэлцэж, шүүгдэгчид гайхалтай олон зүйл хэлэхийг сонслоо. Би энэ хуралд орж ирэхдээ өөртэйгөө холбогдсон яллагдагч нарын дүгнэлтийг уншсан байсан. Гэтэл өнөөдөр энд 30 гаруй хүн үг хэлэхэд заримдаа бараг чихэндээ итгэмээргүй үгийг сонсоод гайхаж сууна. Өнөөдөр Монгол Улс эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс. Зах зээлийн харилцаанд шилжсэн Монгол Улсад энэ хурал болж байна. Зээл авах, зээл олгох асуудал Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн байдаг.
Гэтэл өнөөдөр энэ хүмүүст зээл олгосон байдал чинь бусдад давуу тал олгосон байна гээд нэг хэсгийг нь яллаад, зээл авсан чинь улсад хохирол учруулсан байна гэж ялласан ийм хурлын ажиллагаанд сууж байгаадаа туйлын их харамсч байна. Энд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд, мэдэхгүй байх. 1990 оноос өмнө Монголд зээл гэдэг ойлголт байгаагүй юм. Хувийн өмч гэж ойлголт байгаагүй юм аа. Хувийн өмч гэдэг асуудал 1990 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсад эрх зүйн бичиг баримтад орж тусгагдсан зүйл. 1990 оны ардчилсан хувьсгал Монгол Улсад эрх чөлөөг авчирсан. Эрх чөлөөг авчрахдаа эдийн засгийн эрх чөлөөг авчирсан. Хүн хувийн өмчтэй байх тэр орчныг бий болгосон юм" гэв.