Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Авлигатай тэмцэх хүрээн дэх Шувуу ажиллагааг эрчимжүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мөнгөн урамшуулалтай болгох талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан, гадаад улсад амьдарч буй иргэдийн талаарх мэдээллийг 11-11 төвд мэдээлсэн иргэдийн мэдээлэл батлагдсан тохиолдолд тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулна гэж Х.Нямбаатар сайд мэдээллээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Гэмт хэрэг үйлдээд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн талаар 11-11 төвд өгсөн мэдээлэл батлагдсан тохиолдолд тухайн иргэнийг 10 000$-аар урамшуулах шийдвэр гарсан.
АТГ-ын мөрдөн шалгах албаныхантай иргэн Ж.Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдоод хэргээ шалгуулъя гээд ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн.
Иргэн П.Болортуяа мөн мөрдөгчтэй холбогдоод БНСУ-аас ирээд хэргээ шалгуулж байгаа. Эдгээр иргэнд хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдах нөхцөл бүрдээд буй.
Ойрын үед БНСУ-аас хэд, хэдэн хүнийг тус улсын хууль сахиулагчидтай хамтарч албадан ирүүлэх ажлууд хийгдэж байна. Одоогоор эдгээр хүний нэр усыг хэлэх боломжгүй" гэлээ.