Энэ сар нийт нутгаар олон жилийн дунджаас илүү хүйтэн, газар тариалангийн бүс нутгаар ахиу хур тундас орох урьдчилсан мэдээ гарсантай холбогдуулан ургац хураалтын ажил ямар явцтай байгаа талаар бид ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулсан юм.
Тэрбээр, Архангай, Өвөрхангай, Булган зэрэг нутгаар бага зэргийн цас орсон бол газар тариалангийн гол бүс нутгаар цас ороогүй. Тиймээс ургац хураалтад айхтар нөлөө үзүүлээгүй ч ерөнхийдөө ажлын явцыг бага зэрэг хойшлуулсан гэж хэлж болно.
Ургац хураалтын ажлыг энэ сарын 20-ноос өмнө дуусгахаар ажиллаж байна. Ер нь жил бүрийн энэ хугацаанд дуусчихдаг. Цаг агаарын прогнозыг харахад мөн адил энэ хугацаанд дуусчих байх гэсэн чигтэй байна. Ерөнхий цаг агаарыг харахад энэ долоо хоногт хүйтрээд ирэх долоо хоногоос дулаахан байх шинжтэй. Тиймээс бид энэ хугацаанд ажлаа эрчимжүүлэхээс гадна цочир хүйтний үед төмс, хүнсний ногоогоо хөлдөөхгүй байх талаар чиглэл өгч ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар үр тарианы хувьд 40 орчим хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 60-80 орчим хувьтай явж байна" гэлээ.