Засгийн газрын ээлжит хураалдаанаар Үндэсний хэмжээний хороодыг шинээр байгуулах үүргийг Засгийн газрын хуралдаанаас өгсөн байна.
Тухайлбал, замын түгжрэлийн асуудлыг эрхлэх сайд томилогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулна. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг нийт 20 орчим хороог шинээр эмхлэн байгуулах үүрэг өгчээ. Мөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ. Тодруулбал, яамдад байх ёстой зарим мэргэжлийн чиг үүрэг бүхий хяналт шалгалтыг тухайн яамдад шилжүүлэх юм байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Мэргэжлийн хяналтын нэр, зорилгыг өөрчилж, төр өөрөө өөрийгөө хянадаг, хяналт шалгалтаа хийдэг байгууллага хийдэг болгож өөрчлөх зорилго тавьж байна. Аливаа шатанд хуулийг хэрэгжүүлэх үйл явц нь мэргэжлийн дагуу явагдаж байна уу, үгүй юу гэдэг дээр төр өөрийгөө хянадаг байх зорилгоор 2023 оны төсвийг өргөн барихдаа МХЕГ-ыг өөрчлөн байгуулах саналаа УИХ-д өргөн барина. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ Ерөнхий сайдын хуулиар хүлээсэн үүргийн дагуу хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага болж өөрчлөгдөнө. Тухайлбал, зайлшгүй шаардлагатай хяналт, шалгалт буюу Сангийн яам дэргэдээ санхүүгийн хяналт шалгалтаа аваад явж байгаагийн адилаар зөвхөн зарим яам дээр л үүнийг зохион байгуулна. Түүнээс хавтгайрсан байдлаар бүх яам хяналт шалгалтын хэлтэстэй болно гэсэн үг биш" гэв.
Мөн 2023 оны төсвийг олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлж, тэдгээрийн санал дүгнэлтийг УИХ-д өргөн барих бөгөөд энэ ажил аравдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулагдах юм байна.