Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, "Цар тахлын нөхцөл байдал манай улсад намжсан ч хоёр хөрш болон бүс нутгийн хэмжээнд том давалгаа үргэлжилж байна. Энэ нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэхийг тааж хэлэхэд эрт. Тиймээс вакцины дөрөвдүгээр тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн манай улсын агаарын хил, хуурай замын тээвэр 100 хувь хоёр хөршөөс хамааралтай, экспорт, импортын тэнцэлд том сорилттой нүүр тулж буйг учирлаад, нөхцөл байдлыг одоогийнхоос муугаар дүгнэж цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлага гар байна.
Засгийн газар Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьлаа.
"Манай улс 3.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй. Хурдан хугацаанд ханшийн өөрчлөлтөд "хөдөлгөөн" ажиглагдаж эхэлсэн. Тиймээс зарим валютын төлбөрийг тодорхой хэмжээнд хязгаарлах, Монгол Улсын валютыг хилээр гаргах асуудалд Засгийн газар хяналт тавих, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах, хил хязгаараа чангатгах шаардлагатай байна. Мөн валютын нөөц бүрдүүлэх тал дээр том төсөл, хөтөлбөрийн татан авах валютын графикийг наашлуулах хэлэлцээрийг Засгийн газар хийнэ. Энэ хуулийн хоёр дахь том бүлэг заалт нь Засгийн газар тодорхой хугацаанд мөнгөний бодлого, сангийн бодлогод төв банктай хамтран хариуцлага хүлээх эрх зүйн орчин бүрдүүлэх юм" гэж Ерөнхий сайд мэдээллээ.
мөн төрөөс зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ багадаа 1,000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал дэлхийн зах зээлд үүссэн. Ам.доллароор бус рублиэр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс олон улсын бирж дээрх үнээр Монгол Улс худалдан авалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болно. ОХУ-ын хувьд зөвхөн Монгол өөр хүнээр бусад улсад өөр үнээр зарах боломжгүй гэсэн үг. Манай улс Ангарскийн нэг үйлдвэрээс шатахууны 100 хувийн хамааралтай гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид Евро-2 ч хэрэглэж чаддаггүй. Дэлхийн нийт Евро-5 руу орчихсон байна.
Цаашдаа урт хугацаанд шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг эх үүсвэрээс биш болгох шаардлага зайлшгүй бий болж байгаа. Мөн газрын тосны үйлдвэр барих шаардлага үүсэж байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.