Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулж өглөө. Тус намын даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр болж, өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа.
Намын дотоод сонгуулийн хороо намын даргын сунгааг зохион байгуулах бөгөөд хорооны даргаар И.Мөнхжаргал ажиллаж байна.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: "Батлагдсан нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, сонгуулийг товлосон хугацаанд зохион байгуулахыг дотоод сонгуулийн хорооны дэд хороод, аймаг, дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд даалгалаа. Намын дэргэд нэр дэвшигчид намын үндсэн дүрмийг чанд мөрдөж, дотоод сонгуульд оролцохыг үүрэг болгосон тогтоолыг танилцуулж байна" гэв.
Энэ үеэр нэр дэвшигч Ерөнхийлөгч асан Х.Баттулга: "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлэн нар зөв тойрон 21 аймгаар уулзалт хийнэ. АН-ын даргын сунгаа нь зөвхөн намын асуудал биш. Энэ бол Монгол Улс цаашид парламентын засаглалтай улс байх уу үгүй юу гэдгийг шийдэх сунгаа юм.
Парламент хэт олонх байж, төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсоноор ямар үр дүн гарч байгааг бид яс, махаараа мэдэрч байгаа. АН парламентад тодорхой хүчнээр суух эсэхийг шийдэх сонгууль хэмээн бодож намын даргын сунгаанд оролцож байна. Энэ сунгааг эв нэгдэлтэй байлгахын төлөө хичээнэ" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: “Намаа нэгтгэж, хүчирхэг АН болгох зорилготой. Ялдаг АН байх ёстой. Ард түмний хүсэн хүлээсэн хүчирхэг улс төрийн хүчин болгох зорилготойгоор нэр дэвшиж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН олонх болж байгаагүй. Тиймээс би ялж, олонх болохын төлөө явна. Ялахын тулд анхан болон дунд шатны намаа бэхжүүлж, эрх мэдлийг тэнд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигчдийг илгээнэ. Тэр хэрээр УИХ-д олон асуудал авна гэсэн итгэл үнэмшилтэйгээр нэр дэвшиж байна.