Өнөөгийн Улаанбаатар хотын суурь төлөвлөлт, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилгуудын цөөнгүй хувийг ЗХУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулж байлаа. Өөрөөр хэлбэл социалист нийгмийн үед буюу ардын хувьсгалын ялалтын дараах жилүүдэд ЗХУ-ын барилгачид Монгол улсын барилгын салбарт үсрэнгүй хөгжил авчирч өнөөгийн Улаанбаатар хотыг босгож байжээ.
1929 онд ЗХУ-ын санхүү, эдийн засгийн тусламжтайгаар Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинатын танхимын барилгыг барихаар болж, 1930 оны аравдугаар сард Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн байгууллага байгуулагдаж, үйлдвэрлэлийн олон төрлийн барилга байгууламжийг барьж байгуулсан түүхтэй. 1966-1970 онд 200 гаруй үйлдвэр, аж ахуйн цогцолбор барилга, 1971-1980 онд 370 гаруй аж үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон барилга байгууламжийг барьж байгуулсан билээ. Тэдний бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдрийн улаанбаатар хот сүндэрлэж, улам бүр хаягаа тэлсээр байна. ЗХУ-ын барьж байгуулсан барилга улаанбаатар хотоор зогсохгүй аймаг, орон нутгуудад ч өнгө үзэмж нэмсээр байна.